Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 22, Баасан гариг, 09:44

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар  хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай, нийслэлд баригдах 80 бага сургуулийн байршлын тухай, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах ажлын хэсгийг 2012 оны 8 дугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Тус ажлын хэсэг Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад  нийцүүлэн, хотын төвөөс алслагдсан 5 газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг нүүлгэх ажлыг судалжээ.

Эдгээрээс СХД-ийн 6-р хороонд 9 га газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барих боломжтой гэж үзсэн байна.

Энэхүү хэсэг бол НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөх эхний хэсгийн байршилд орсон газар бөгөөд, инженерийн дэд бүтцэд холбогдох бүрэн боломжтой юм байна. Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу СХД-ийн 5, 6, 7 дугаар хорооны 130 газарт дахин төлөвлөлт хийхээр НИТХ-ын тогтоол гарсан бөгөөд энэ хэсгийн 9 га газрыг сонгон   хотын захиргааны шинэ цогцолборыг барих юм. Энэхүү 9 га газарт 19 айл, 1 ШТС байгаа бөгөөд газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөө төлөвлөж байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Хотын шинэ дэд төвд байрлах хотын захиргааны цогцолборыг барихад нийтдээ 37,1 тэрбум төгрөг шаардлагатай гэж ажлын хэсэг тооцсон байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгатай хамт хотын захиргааны цогцолбор барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлаа эхэлж чадвал 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах боломжтой гэж урдчилсан байдлаар төлөвлөсөн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд СХД-ийн 6-р хороонд байрлах 9 га газарт хотын захиргааны цогцолборыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжлээ.

Нэгэнт НИТХ-аас тогтоосон гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан газар учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын захиргааны цогцолбор барих газрыг батлахаар болов.

Нийслэлд 80 бага сургууль барихаар төлөвлөжээ

Нийслэлд барихаар төлөвлөж байгаа 80 бага сургуулийн байршлын тухай Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хүүхдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнхэн ойролцоо барих ажлыг судлан, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас зорьж,  нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтод энэ асуудлыг тусгасан юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг юм байна.  Мөн жилд  дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж  сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байна гэж албаныхан онцолж байна.

Тиймээс нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 80 бага сургуулийг шинээр барих шаардалгатай байгаа юм байна. 80 бага сургууль барих газрын байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Тодруулбал одоо байгаа сургуулиудын газар дээр 29м х13 м хэмжээтэй, 3 давхар, 300 хүүхдийн сургууль байршуулан дэд бүтцэд холбогдох 7 байршлыг сонгон төлөвлөсөн байна. Мөн сууршил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэж барихын тулд урдчилсан төлөвлөгөөгөөр 260 хашаа чөлөөлөх 73 байршлыг сонгожээ. Гуравдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршлын 4 байршилд бага сургууль барина гэж төлөвлөжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 80 байршилд бага сургууль баригдсанаар шинэ суурьшлын төвөөс 500 м-ийн радиус дотор 24 000 хүүхэд суралцах нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, бага сургуулийн барилгын газрын байршил тогтоох асуудлыг улсын болон орон нутгийн төсвийн бодлогтой нягт уялдуудан судлаж, дахин нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

2020 онд Улаанбаатар метротой болох боломжтой гэж Жайка судалжээ

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн тухай танилцууллаа.

Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг метротой болгох судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтүүлснээр, нийслэлийн тулгамдсан асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна хотын хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Жайкагийн судалснаар хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин  бусад хэсгээрээ ил явахаар “Улаанбаатар метро”-г байгуулах боломжтой юм байна. Мөн хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөвжээ. Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1,5 тэр бум ам долларын санхүүжилтээр Улаанбаатар метро төсоийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.  Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл 6 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой юм байна. Метрогоор 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш  байх ёстой бөгөөд урьдчилан тооцоолсноор "Улаанбаатар метро"-оор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлж, ойролцоогоор 18 км замыг 30 минутанд туулах боломжтой гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Улаанбаатар метро” төслийн урдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж танилцуулсан Жайкагийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэ төслийг бодит ажил хэрэг болгохын тулд дараа дараагийн шаардлагатай алхамуудыг яаравчлан хийх хэрэгтэй гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар метро” төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Үйл явдлын хуанли

October 2017
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр119
mod_vvisit_counterӨчигдөр112
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт119
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт676
mod_vvisit_counterЭнэ сард2185
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3316
mod_vvisit_counterНийт172190

We have: 65 guests online
Таны IP: 54.166.150.10
 , 
Өнөөдөр: 10-р сар 23, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?